ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

0

Хар тамхитай тэмцэх олон улсын байгууллагаас Монгол  улсыг хар тамхи “дамжин өнгөрүүлэгч улс”-аас “хэрэглэгч улс” болж өөрчлөгдсөнийг зарлалаа.  Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ нь манай улсын залуу үе рүү чиглэгдэж, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх нэгэн онцгой хүчин зүйл болж байна.

Тиймээс Тагнуулын ерөнхий газраас хүүхэд, оюутан, залуучууд, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч, иргэд, олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд онцгой анхаарал хандуулахыг уриалж дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

1.Дотоодод анхаарах асуудал:

– хүүхэд, залуучуудаа гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх үүднээс энэ төрлийн хууль бус үйл ажиллагаанд оролцсоноос үүдэх эрүүл мэндийн болон хууль зүйн үр дагаврыг таниулах, ойлголт төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, хүмүүжлийн арга хэмжээг сургууль, ар гэрийн хүрээнд зохион байгуулах, өсвөр насны хүүхэд, оюутан, залуучуудад тавих хараа хяналтыг сайжруулж, тэдний биеэ авч яваа байдалд анхаарах;

– олон улсын шуудан, илгээмжийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж нь илгээмжийг нэг бүрчлэн шалгаж авах, илгээмжийн эзний бичиг баримтыг зайлшгүй биечлэн үзэж бүртгэл хөтлөх, холбоо барих утасны дугаарыг тэмдэглэн авч хэвших;

– хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч ачаа тээш зөөвөрлөхдөө хууль бус бараа, эд зүйл авч яваа эсэхийг сайтар асууж тодруулан шалгаж тээвэрлэх, сэжиг бүхий ачаа тээш илэрсэн тохиолдолд хууль хяналтын байгууллагад даруй мэдээлж хамтран ажиллах.

2.Хилийн чанадад анхаарах асуудал:

– иргэд гадаад улсад зорчихдоо хүнээс дайвар ачаа бараа авахаас аль болох зайлсхийх, авсан тохиолдолд тухайн ачааг зайлшгүй үзэж, шалгаж авах;

– өөрийн ачаа тээшинд байнга хяналт тавьж, эзэнгүй орхихгүй байх;

– гадаад оронд сурч, ажиллаж буй иргэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс ангид байж, ойр дотнын хүмүүсийн хууль бус ятгалгад автахгүй байх;

– таны хамт сурдаг, ажилладаг хэн нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, хэрэглэх, борлуулах, тээвэрлэх гэмт хэргийг үйлдсэн, үйлдэхээр бэлтгэж байгаа, эсхүл таныг татан оролцуулахыг оролдсон, ятгасан тохиолдолд нэн даруй Монгол Улсаас тухайн оронд суугаа элчин сайдын яаманд хандаж хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авах хэрэгтэй.

Эцэст нь хар тамхи, мансууруулах бодисын хууль бус хэрэглээнээс болж таны гэр бүл, ойр дотнын хүн эдийн засгийн хувьд бусдаас хараат болох, удмын сан, ургийн хөгжилд нь өөрчлөлт, гажиг үүсэх эрсдэл нүүрлэжээ. Тиймээс иргэн та мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт үйлдлийн талаарх мэдээллийг цаг алдалгүй ТЕГ-т өгөхийг уриалж байна.   Та тагнуулын байгууллагатай 92263619 дугаартай утсаар холбогдох боломжтой юм байна.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу