ЗӨВ ХҮМҮҮЖИЛ МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ

0

Бид хөгжлийн тушаа болсон авлигатай тэмцэхийн тулд бүх нийтээрээ  оролцож гэмээнэ  үр дүнд хүрнэ. Авлигатай тэмцэх иргэдийн оролцооны олон сонголт, олон аргууд байдгийн нэг бол хүүхдээ зөв хүмүүжүүлэх. Ойрын арван жилд манай улс авлигаас ангижирсан улс болохын тулд Монгол айл, өрх бүр авлигад үгүй хэлж чаддаг тийм ирээдүйг бэлтгэх үүрэгтэй билээ. Энэ бол эцэг эх, асран хамгаалагч та бидний улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг юм.

Орчин үеийн хүүхэд сурагчдын шударга ёсны  хандлага ямархуу түвшинд байна вэ? гэдгийг  “Хүүхдийн шударга байдал-2019”  судалгаанаас харахад сурагчдад хэд хэдэн анхаарах асуудал гарч ирээд байна. Тухайлбал  хүүхдийн шударга байдлын түвшин нас нэмэх, анги дэвших тутам буурч эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдийнхээс доогуур  гарчээ. Энэ байдал нь сүүлийн хэдэн жил давтагдаж байгааг АТГ-аас хийсэн уг судалгаанд онцлоод байгаа юм. Нийслэлийн хүүхдүүд хөдөө орон нутгийн сурагчдаас ёс зүйн хандлагаараа доогуур үзүүлэлттэй гарсан байна. Тиймээс хүүхдүүдэд ёс зүй, ёс суртахууны зөв төлөвшил олгоход боловсролын байгууллагаас гадна эцэг эх, асран хамгаалагч,  ах эгч гээд гэр бүлийн хүрээн дэх ойр дотнын хүмүүс нь зөв үлгэр дууриал үзүүлэх шаардлагатай байгааг илтгэж байна. Багш нарын тухайд ч зөв хандлагатай, ёс зүйтэй, шударга иргэдийг бэлтгэхэд эцэг эх гэр бүлийн орчин тун чухал. Шударга ёсыг сахисан зөв төлөвшилтэй Монгол иргэнийг бэлтгэн гаргахад эцэг эхчүүд үүргээ ухамсарлаж, цаг зав гарган, онцгойлон оролцох шаардлагатай байгааг өнөөгийн нийгэм харуулсаар.

Зөв хандлага төлөвшилтэй, шударга харилцаа зан үйлтэй, иргэнийхээ оролцоо хяналт, үүргийг чухалчилдаг иргэдийг бэлтгэх  хоёр дахь гэр нь сургууль, цэцэрлэгийн орчин. Тэр тусмаа аливаа юмны наанадах цаадахыг мэддэг болсон ЕБС-ийн  ахлах ангийн болон төгсөх ангийн сурагчид.  Тиймээс багш нар шударга иргэнийг төлөвшүүлэхэд оролцоогоороо нэгдэх цаг үе нь ирээд байгаа юм. Тийм ч учраас ЕБС-ийн сурагчдад Шударга ёсны хичээлийг зааснаараа  ирээдүйд зөв хандлага төлөвшилтэй, шударга ёсыг дээдэлсэн, авлигыг үл тэвчих үзлийг эрхэмлэдэг Монгол иргэдийг олноор нь бэлтгэхэд чухал нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлт байна.

Монгол улс Авлига хээл хахуульгүй улс орон болохыг ойрын  10 жилийн төлөвлөгөөндөө тусгаж, тодорхой үр дүнд хүрэхээр төрийн болон төрийн бус байгууллага, шат шатны төлөөлөл идэвхийлэн ажиллаж байгаа ч шударга зөв иргэнийг төлөвшүүлэхэд эцэг эхчүүд та бидний оролцоо хамгаас чухал юм. Ирээдүйн Монгол орны нүүр царай, хөгжлийн түлхэх хүч бол  зөв хүмүүжил төлөвшилтэй, шударга ёсыг дээдэлсэн, зөв хандлага, мэдлэгтэй өнөөдрийн хүүхдүүд билээ.

 Сэтгүүлч: Ц.Буяннэмэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу