ЭМЭГТЭЙ ГИШҮҮД БҮСГҮЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ УЛАНДАА ГИШГЭЖЭЭ

0

МАН ОЛОНХ БОЛСОН ЭНЭ УИХ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТЫГ ГЭМТ ХЭРЭГ БИШ ГЭЖ ҮЗСЭН  

Хэн нэгэн албан тушаалтан ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн бол өнөөдөр Монгол улсын ямар ч хууль үйлчлэхгүй байна. Энэ сиймхийг ашиглан охид, эмэгтэйчүүдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, тэдний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаанд ноцтой хохирол учруулж буй далд дарамтлагчид нийгэмд бугшчихлаа.  

Монгол улс 2010 оноос эхлэн ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол санал хүлээн авч эхэлсэн байна. 2013-2017 оны хооронд ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой 21 гомдол Хүний эрхийн үндэсний комисст иржээ. Харамсалтай нь тэдэнд ийм үйлдэл хийснийх нь хариуд зарим этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцохгүй зөвлөмж өгөх төдийд өнгөрөөжээ. Учир нь МАН олонх болсон энэ парламент ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэг гэж үзэлгүйгээр холбогдох хуулиас хасчихсан юм.

2015 онд баталсан Эрүүгийн хуулийн 12-р зүйлд бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд нэг сараас гурван сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, гурван сар хүртэлх хугацаагаар хорих гэсэн заалтыг, мөн хохирогчид бэлгийн дарамт учруулж, бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих гэсэн зүйл заалтыг 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр УИХ хүчингүй болгож охид эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн парламент гэдгээ харуулсан билээ.

Эх сурвалж: /legalinfo.mn/

ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ОЛОН ЭМЭГТЭЙ ГИШҮҮНТЭЙ ЭНЭ УИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ УЛАНДАА ГИШГЭСЭН ҮЙЛДЭЛ ГАРГАСАН

Охид эмэгтэйчүүдийн эрхийг ингэж уландаа гишгэсэн энэ парламентын халгаатай шийдвэрийн балгаар өнөөдөр ажлын байрандаа бэлгийн дарамтад өртчихөөд хэнд, хаана хандахаа мэдэхгүй шаналж яваа бүсгүйчүүд олон. Одоо мөрдөж байгаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд энэ асуудал тунхаг төдий үлдсэнийг доорх зүйл заалтаас харж болно.

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬ

11.4.Ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамтыг үл тэвчих орчныг бүрдүүлэх талаар дараахь арга хэмжээ авна:

11.4.1.хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах;

11.4.2.бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг нээлттэй мэдээлэх.

Эх сурвалж: /legalinfo.mn/

Ажлын байранд бэлгийн дарамт учруулсан этгээдэд хариуцлага тооцох ёстой зүйл заалтыг нь Эрүүгийн хуулиасаа хасаад хаячихсан. Одоо мөрдөж байгаа дээрх хуулинд ямар ч хариуцлагын заалт байхгүй байгаа нь  энэ парламент өөрөө  охид эмэгтэйчүүдэд хэрхэн төмөр нүүрээ харуулж буйг нотолно. МАН олонх болсон энэ УИХ түүхэндээ байгаагүй олон эмэгтэй гишүүнтэй. Харамсалтай нь ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасах тухай асуудал хэлэлцэж байхад эмэгтэй гишүүд нь ус залгисан аятай дуугүй өнгөрснөөрөө охид эмэгтэйчүүддээ төмөр нүүрээ харуулсан гэсэн хар данстайгаар тэмдэглэгдэн үлдэж байна.

АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТАД ӨРТСӨН ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, СЭТГЭЛ САНААГААРАА ХОХИРСООР…  

Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогч эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохироод зогсохгүйгээр ажлын байргүй болох, гэр бүл, хамт олон нь буруутгах, оршин суугаа газраа нэр хүндгүй болох гээд бүх эрсдэлийг дарамтад орсон бүсгүй хүн л үүрдэг.

Энэ төрлийн гэмт хэргийн хамгийн ноцтой үйлдэл нь эцэстээ тэд амиа алдаад дуусдаг харамсмаар  баримтууд олон бий.

Тухайлбал: “Сохо мебель” компанийн ажилтан 22-хон настай охин өндрөөс үсэрч амиа алдсан хэрэг. Үнэхээр тэр бүсгүй амиа хорлосон уу? Хэн нэгэн этгээд өндрөөс түлхсэн үү?

Гэр бүлийнхэн нь хөлөө хүрэх хүртэлх бүхий л газраар явсан ч шүүх хуулийн байгууллага мөнгөтэй эрхэмд үйлчилсэн гэж өнөөдрийг хүртэл гомдол тээсээр… Энэ мэт олон хэргийн хохирогчоор хэдий болтол эмэгтэйчүүд хохироод үлдэх билээ. Ажлын байранд бэлгийн дарамт учруулсан нөхдүүдэд хариуцлага тооцох хуулийн заалтыг сэргээх эсвэл хөдөлмөрийн тухай хуулиндаа нэмж тусгах шаардлагатай байна. Энэ парламентад суугаа эрхэм эмэгтэй гишүүд ээ!!!

Сэтгүүлч: Ц.Буяннэмэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу