МУГЖ Т.АРИУНАА ХҮЧИРХЭГ ХАРИЗМТАЙ ДУУЧИН ГЭДГЭЭ “ТЭНГЭР ШИГ БАЙ” ТОГЛОЛТООРОО ДАХИН ХАРУУЛЛАА

0

“ТЭНГЭР ШИГ БАЙ” ТОГЛОЛТ УРЛАГИЙН САЛБАРТ ЦОО ШИНЭ ЖИШИГ ТОГТООЛОО

Төмөрийн Ариунаа ямар хүчирхэг харизмтай дуучин бэ? гэдгээ өнгөрсөн баасан гарагт “Буянт-Ухаа” спортын ордонд хийсэн “Тэнгэр шиг бай” тоглолтоороо харууллаа.  Түүний  урлагт зүтгэсэн 37 жилийн хугацаанд дуулсан дуу бүхэн нь хит болж, тоглолт болгондоо тэсрэлт хийн, энэ салбарт цоо шинэ жишиг тогтоож чаддаг гайхалтай дуучин гэдгээ дахин нотоллоо. Гурван цаг 30 минут үргэлжилсэн тоглолт спортын ордонд  цугласан 15000 орчим үзэгчдэд шоу тоглолт ямар байдгийг тэр харуулж чадлаа. Гэрэл, тайз, дэлгэц, дуугаралт гээд тоглолтын явцад үзүүлсэн бүхий л үзүүлбэр сэтгэл догдлом байж чадлаа.  Түүний тоглолтын ард ажилласан 800 орчим  уран бүтээлчид бүх зүйл дээр  олон улсын жишиг  тогтоолоо.  

Тэрээр тоглолтынхоо өмнө нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа:  “Миний тоглолтыг залуу дуучид, урлагийн чиглэлээр суралцаж буй оюутан залуус ирж үзээсэй, тэр тоглолтоос сурах зүйлээ мэдэж аваасай” хэмээн  хүсэж байна гэж хэлсэн удаатай. Тиймээ Т.Ариунаа уран бүтээлээ туурвиж байгаа болон цаашид урлагийн салбарт хөл тавих олон зуун  залууст том үлгэр дууриал боллоо. Цоо шинэ босго тавилаа.  

ТЭНГЭР ШИГ БАЙЖ, ТЭМҮҮЛСЭН ЗОРИЛГОДОО ҮНЭНЧ БАЙСАН Т.АРИУНАА

Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Төмөрийн Ариунаа “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийснээс хойш 10 жилийн дараа “Тэнгэр шиг бай” тоглолтоороо үзэгч олонтойгоо дахин уулзлаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тэрээр хүний амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн дундуур туучихдаа эгч шулуун, хүчирхэг байснаараа сайн дуучнаас гадна ямархан бүсгүй  болохоо харуулж чадсан гайхалтай эмэгтэй гэдгээ харуулсан. 

ТОГЛОЛТЫН ХАМГИЙН СЭТГЭЛ ХӨДӨЛГӨСӨН ХЭСГЭЭС…

“ТЭНГЭР ШИГ БАЙ” ТӨСӨЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Өнөөгийн Монголын нийгэмд газар авсан буруу хандлагыг өөрчлөх, эерэг хандлагыг төлөвшүүлэх “Тэнгэр шиг бай” төслийн хүрээнд  “Тэнгэр шиг бай” цомог, “Тэнгэр шиг бай” тоглолт болгон хэрэгжүүлж байна. Энэ төслийн нэрийг  Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны хүүдээ зориулж бичсэн “Тэнгэр шиг бай” шүлгээр уран бүтээлээ туурвих зөвшөөрлийг хүү Д.Ганбатаас нь албан ёсоор авчээ. Тоглолтын дундуур О.Дашбалбар агсны гэр бүлд баярласнаа илэрхийлж, хүндэтгэл үзүүлж байсан. “Буянт-Ухаа” спортын ордонд цугларсан түмэн олон “Тэнгэр шиг бай” дууны анхны сонсогчид болсон юм. Тус дууны аяыг хөгжлийн зохиолч Б.Бямбабаяр зохиожээ.

Тэр хэзээ ч дундаршгүй эрч хүчээрээ, төрөлхийн хэмжээлшгүй их харизмаараа авьяасаараа хөглөгдөж олон сайхан уран бүтээл туурвин Монгол түмнийхээ  мэлмий, сонорыг мялаах байх гэсэн хүлээлтийг үлдээлээ.

Хэдий тавь нас хол гарсан ч тэр тийм нэг асч дүрэлзсэн хэвээрээ. Төдийгөөс  өдий хүртэл урлагийн салбарт зүтгэсэн МУГЖ Төмөрийн Ариунаа алтан  тайзан дээрээ дахин дахин гайхамшигт тэсрэлт  хийж үзэгч олноо бишрүүлэх биз ээ.

 Сэтгүүлч: Ц.Буяннэмэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу