ҮХЦ-ИЙН ШИНЭ ДАРГА ХЭН БЭ?

0

11 дүгээр сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий зургаан  гишүүний саналаар Цэцийн нийт гишүүний хуралдааныг зарлаж, Цэцийн даргын ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлтэй холбоотой асуудлыг өчигдөр хэлэлцжээ.

Цэцийн гишүүдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай уулзаж энэ талаар шаардлага хүргүүлсэн боловч тэрбээр Цэцийн зарим гишүүдийн хамт товлосон цагт хуралдаанд хүрэлцэн ирэхээс татгалзсан тул тэдгээр гишүүдийг оролцуулах,  Цэцийн даргын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийг нь байлцуулах нь зүйтэй гэж үзэж хурлыг түр завсарлуулсан байна.

Үндсэн хуулийн цэцийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, хуралдааныг 11 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр тушаал гаргасан  хэдий ч уг хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт хуралд оролцсон гишүүд санал нэгдсэн тухай ҮХЦ-ийн хэвлэлийн албанаас мэдээлсэн. Харин  Д.Одбаяр өөрөө хуралд оролцохоос цааргалсан, тиймээс хуралдаан хойшилж магадгүй гэх мэдээлэл байна.

Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог учиртай. Харин Цэцийн дарга Д.Одбаярын хувьд УИХ-ын санал болгосноор 2016 оны арваннэгдүгээр сард  томилогдож,  2017 оны зургадугаар сард  Цэцийн дарга болж байсан.  Хуулийн дагуу Цэцийн даргыг Цэцийн гишүүд дотроо хэлэлцэж, олонхийн санал авсан хүнийг сонгох зохицуулалттай юм байна.

Тиймээс хуулийн дагуу ҮХЦ-ийн дараагийн дарга дотроосоо томилогдохнээ.  Хамгийн магадлалтай хүнээр Г.Баясгаланг нэрлэж байна. Тэрээр ХЗДХЯ-ны  Төрийн нарийн бичгийн даргаас ЗГХЭГ-ын дэд дарга, ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа билээ.

Дараагийн хувилбар нь  ҮХЦ-ийн  хоёр эмэгтэй гишүүний нэр яригдаж байна. Нэр нэгт Д.Солонго, Ш.Солонго нарын хувьд  Москвагийн Их Сургууль төгссөн мэргэжлийн хуульчид.

Цэцийн гишүүн Д.Солонго 2013 оны 12 дугаар сард Улсын Дээд шүүхийн санал болгосноор цэцийн гишүүнээр томилогдсон юм.

Ш.Солонгын хувьд ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаад УИХ-ын санал болгосноор 2018 оны тавдугаар сард томилогдон ажиллаж байна.

Дээрхи нэр бүхий гурван хүний нэр ҮХЦ-ийн дараагийн даргад дэвшихээр хүчтэй яригдаж буй ч Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоорондын тохироогоор ҮХЦ-ийг хэн тэргүүлэх вэ? гэдэг нь тодорхой болох мэдээлэл байна.  

Сэтгүүлч:Ц.Буяннэмэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу