МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ТАВИХ НАСНЫ БОСГЫГ 55 БОЛГОЖ, БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААГ ЗУРГААН ЖИЛЭЭР ЗӨВХӨН НЭГ УДАА СОНГОХООР ӨӨРЧИЛЖЭЭ

0

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн байна.

Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд:

-Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулах

-Байгалийн баялаг ард түмний мэдэлд байж, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох

-Монгол Улсын нийгэм-эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, бодлогын уялдаа холбоо, залгамж чанар, нэгдмэл байдлыг хангах, санаачлах эрхийн болон Ард нийтийн санал асуулга явуулах хүрээ хязгаарыг тодорхой болгох

-Улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх

-Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх;

– Нутгийн өөрийн удирдлага, хот тосгоны эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зэрэг зохицуулалтуудыг тусгасан хэмээн УИХ-ын дарга онцолсон.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон Орон нутгийн сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг 30 шахам хуульд нэмэлт, өөрчлөлт орж, зарим хуулийг шинээр батлах юм.

ТАНИЛЦУУЛГА

Дараах дөрвөн багц асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулжээ.

Үүнд:

1.  Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

2.  Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

3.  Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

4.  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт.

Энэхүү дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан аж.

Нэг. Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад доор дурдсан асуудлыг тусгав.

Үүнд:

1.Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг нийт гишүүний олонхийн саналаар эцэслэн батлах, Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол нууц санал хураалт явуулж болохоор зааж, Улсын Их Хурлын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран ажиллахыг хязгаарлах өөрчлөлт оруулав.

2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал өөрөө тарах, Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг Ерөнхийлөгч тараах, Улсын Их Хурал тарсан тохиолдолд сонгууль зарлах, явуулах хугацааг тогтоосноор 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгийг Улсын Их Хурлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор өөрчлөн найруулав.

3.Улсын Их Хурал сайд нарыг нэг бүрчлэн хэлэлцэж томилох бүрэн эрхээсээ татгалзах, мөн улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох нэмэлт, өөрчлөлт оруулав.

4.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог байгуулах, түүний бүрэн эрх, ажиллах журмыг тогтоосон нэмэлтийг оруулав.

5.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох боломжийг нээхийн зэрэгцээ ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглов.

6.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалтаа нийтэд байнга ил тод байлгах үүрэг хүлээх, намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтоохоор тусгав.

7.Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа одоо болон ирээдүй хойч үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, тэгш байдал, шударга ёсны зарчмыг баримтлах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг алс хэтээ харсан урт хугацааны төрийн бодлогоор тодорхойлох зохицуулалтыг Үндсэн хуульд тусгав.

Хоёр.Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад доор дурдсан асуудлыг тусгав.

Үүнд:

1.Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулахаар өөрчлөв.

2.Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байхаар өөрчлөн найруулав.

3.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн саналаар Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналаа хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх, Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцох, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохоор тусгав.

4.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх, тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцох, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор тусгав.

5.Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор тогтоож, Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлан 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн нэгийг өөрчлөн найруулав.

6.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байх талаар зохих нэмэлтийг оруулав.

7.Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор өөрчлөн найруулав.

Гурав.Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад доор дурдсан асуудлыг тусгав.

Үүнд:

1.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр, тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан иргэнийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор өөрчлөн найруулав.

2.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэхээр зааж, уг шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор өөрчлөв.

3.Бүх шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл томилж,  Ерөнхийлөгчид батламжлуулахаар хүргүүлэх, Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжлах, эсхүл Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл батламжлахаас татгалзаж үндэслэлээ нийтэд мэдээлэх, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шинэчлэн найруулав.

4.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор өөрчлөв.

5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлж, Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн дэх зохистой төлөөллийг шүүгч болон хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэдээс тэнцвэртэй бүрдүүлж, дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллуулахаар тусгана. Шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгохдоо нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгохоор тусгав.

6.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус-гишүүдийг нэр дэвшүүлж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор заав.

7.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхийн саналаар сонгож, зөвлөл шийдвэрээ нийт гишүүний олонхийн саналаар гаргахаар тусгав.

8.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэрийг Шүүгчийн хариуцлагын зөвлөл гаргахаар нэмнэ. Зөвлөл нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, хууль зүйн эрдэмтэн, нэр хүндтэй иргэдийн тэнцвэртэй төлөөлөл бүхий есөн гишүүнтэй, зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллаж, тус зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхийн саналаар сонгохоор нэмэв.

9.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг томилгооны сонсгол хийсний үндсэн дээр Улсын Их Хурал нийт гишүүний олонхийн саналаар томилохоор өөрчлөв.

10.Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилох, дахин томилохыг хориглохоор өөрчилөв.

Дөрөв.Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад доор дурдсан асуудлыг тусгав.

Үүнд:

1.Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтоохоор тусгана.

2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага байх, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд орон нутгийн татвар тогтоох, өмчийн эрх эдлүүлэх замаар эдийн засгийн үндсийг бүрдүүлнэ. Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөс сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэх, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр гаргах хүрээг тодорхойлно.

3.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд, баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилох, сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум, дүүргийн иргэд сонгохоор заана. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар огцруулах, чөлөөлөхөөр тусгана.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр тусгав. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгахаар тусгажээ. 

Хууль санаачлагчид

Tweet

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу