SOS: ДОХ-ЫН ХАЛДВАР ТЭЭСЭН 281 ТОХИОЛДОЛ БҮГД БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖЖЭЭ

0

Монгол улс ДОХ-той хүмүүсийнхээ ердөө 35 хувийг нь л илрүүлжээ

1992 онд аюулт ДОХ-ын вирус Монголд бүртгэгдсэнээс хойш өнөөдөр 281 хүн энэ аймшигт өвчний халдвараар өвчилсөн байна.  ДОХ-ын вирус тээсэн өвчтөнүүдийн  44 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. 27 жилийн өмнө ДОХ-ын халдвар тээгч Монголд бүртгэгдсэн мэдээ салхинд хаясан цучил лугаа адил дэгдэж билээ. Тухайн үед  дээр дооргүй л ярьж, түгшиж, сэрэмжлүүлж байсан. Гэтэл  өнөөдөр энэ нь жирийн нэг үзэгдэл аятай нийгэм хүлээн авдаг болжээ. Ихэнх хүмүүсийн хувьд  хамрын ханиад аятай хүлээн авч, чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг болжээ. Гэтэл ДОХ-ын вирусийн халдвар авсан 281 тохиолдол бүгд бэлгийн замаар дамжин халдварласан байх юм. Тэмбүүгийн өвчлөл газар авсан бүр онцгойлон анхаарч, сэрэмжлүүлэх хэмжээнд хүрчихээд  байгаа энэ үед үхлээс өөр эдгэрэлт байхгүй ДОХ-ын вирус улам бүр л хүрээгээ тэлсээр байгаа нь нөхөн үржихүйн бэлгийн боловсрол ямархуу төвшинд буйг илтгэж байгаа юм.

Арванзургаахан настай хүүхэд ДОХ-ын халдвар бэлгийн замаар авсан гээд бодохоор энэ өвчинд  Монголчууд идэгдэх вий гэсэн эмгэнэл, харуусал зэрэгцэх.   

Халдвар авсан өвчтөнүүдийн 80 хувь нь эрчүүд. Халдвар тээсэн хүмүүсийн 40 орчим  нь гэр бүлтэй гэсэн тоон мэдээлэл байна. Хайртай хүндээ хамгийн аймар өвчний вирусийг халдварлуулсан тохиолдол бүрийн цаана гэр бүлийн уур амьсгал, салалт, нэр хүнд, хүүхдүүд. Ядуурал, архидалт гээд нийгмийн сөрөг үр нөлөөллийг давхар дагуулсаар. Энэ өвчний вирус тээгч ганц Улаанбаатар хотод байна уу? гэвэл үгүй. Хөдөө орон нутагт ДОХ-ын вирус тээсэн 10 гаруй  иргэн ажиллаж амьдарч байна.

ДОХ-ЫН ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСИЙН 80 ХУВЬ НЬ БЭЛГИЙН ЦӨӨНХҮҮД..

ДОХ-ын вирус тээсэн  281 тохиолдол байна гэдэг нь дөнгөж эмнэлгийн байгууллагаар оношлогдсон тоо. Энэ нь нийт ДОХ-ын вирусээр өвчилсөн хүмүүсийн дөнгөж 35 хувь нь гэж мэргэжлийнхэн сэрэмжлүүлж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс ДОХ-той хүмүүсийнхээ 35 хувийг л оношилсон гэж НҮБ тайландаа дурьджээ. Хамгийн түгшүүртэй нь нэг халдвар тээгчийн ард 100 хүн байх эрсдэлтэй гэж олон улсад сэрэмжлүүлдэг. Гэтэл гурван сая гаруйхан хүн амтай манай улсын хувьд энэ бол Үндэсний Аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний аюул. Энэ өвчний вирусийг ингэж хурдтайгаар тарааж байгаа бүлэг нь бэлгийн цөөнхүүд. Бэлгийн замаар халдварласан хүмүүсийн 80 хувь нь ижил хүйстнүүд,  тэдний мөн 80 хувь нь эрчүүд.

10 хоногийн дараа ДОХ-тэй тэмцэх дэлхийн өдөр тохионо. Зөвхөн ганц өдөр аюулт өвчний вирус хурдацтайгаар тархаж, жил бүр огцом нэмэгдэж байна гэсэн тоон мэдээлэл өгөөд орхих бус Үндэсний хэмжээнд аян өрнүүлж, хайртай хүмүүсээ хамгаалцгаая. ДОХ-ын вирус тээсэн 280 хүн мөдхөн  300-д хүрвэл яах вэ? Нэг хүний цаанаа 100 хүн байх эрсдэлтэй гээд тооцохоор гуравхан сая хүн амтай Монгол улсыг аюулт ДОХ-ын вирус ниргэхвий дээ. Гэр бүлдээ, хамгаас хайртай хүмүүстээ үнэн байцгаая, хамгийн нандин гэр бүлээ хүндэлцгээе. Залуусаа.. эрчүүдээ…

Сэтгүүлч: Ц.Буяннэмэх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу