ӨНГӨРСӨН ӨДРҮҮДЭД ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 37 НАСТАЙ ИРГЭН УГААРТАЖ АМЬ НАСАА АЛДСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

0

Мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь очиж ажиллахад тухайн иргэн гэртээ засвар хийж байхдаа яндангаа цонхоороо гаргаж, аюулгүй байдлаа хангаагүйн улмаас амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарсан байна. Иймээс  иргэд, аж ахуйн нэгжийг галлагааны зөвлөмжийг биелүүлж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан зөвлөлөж байна.

Арваннэгдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд 18 өрхийн 40 иргэн угаарын хийн хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон оноштойгоор Яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгч,  зөвлөгөө мэдээлэл авсан байна.

Харин “Аравдугаар сарын эхний байдалтай харьцуулахад иргэдээс дуудлага өгөх нь эрс багассан. Эмнэлэгт хандсан иргэдийн хувьд яндангийн цоонолт, хавхлагаа хаасан, пийшин зуухны битүүмжлэл муу зэргээс болж угаартсаныг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэвлэлийнхэнд мэдээллээ. Мөн шөнийн цахилгааныг тэглэсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд обьектын гал түймрийн дуудлага ихэссэн байна. Аж ахуйн нэгж байгууллагууд цахилгааны ачааллыг хэтрүүлж, шаардлага хангахгүй кабелийн утас хэрэглэж байгаагаас үүдэж, гал түймэрт өртөж байгааг албаныхан сэрэмжлүүллээ.

Агаарын чанартай мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар буурсан, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 50 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ.

Мөн  Нийслэлийн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, галлагааны зөвлөмжийг хүргэн, түлшний түгээлт нийлүүлэлтэд ээлжээр ажиллаж байгаа талаар мөн  мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу