“Peace village” хотхоны гүний худгийн уснаас халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрчээ

0

Зайсан орчмын хотхоны ихэнх нь өнөөдрийг хүртэл  төвийн шугамд холбогдоогүй. Үүний улмаас бохир хөрсөөр дамжсан нянгийн үүсгүүр гүний худгийн усыг бохирдуулсаар аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрээд байна. Бохирдсон гүний уснаас гэдэсний савханцар нян илэрч, “Зайсан” хавийн оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой асуудал үүсээд байна.  Гэр хорооллын нүхэн жорлон ихтэй, хуучин халдвартын эмнэлэг байрлаж байсан тус газар орчмын хөрс их хэмжээгээр бохирдсон гэсэн дүгнэлтийг мэргэжлийнхэн гаргасан.  Бохир хөрснөөс гүний худгийн усруу халдварлаж байгаа уг асуудлыг мэргэжлийн байгууллага яаралтай шийдэхгүй бол олон зуун иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байх уу?

Хан-уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Peace village” хотхоны 208 тоот байрыг ундны усаар хангаж буй гүний худаг, ус нөөцлөх сан, хэрэглэгчийн цэгээс ундны усны дээж авчээ.

НМХГ-ын төв лабораторийн хариугаар халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрч, ус нөөцлөх сангаас авсан усны дээжинд бичил биетний ерөнхий тоо их зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар илэрчээ.

Ганц нэг хотхон хорооллоор зогсохгүй “Зайсан” хавийн орон сууцны хорооллын ундны усыг хангадаг бүх гүний худгуудаас дээж авч, иргэдийнхээ эрүүл мэндийг бодож, ууж байгаа усанд нь хяналтаа тогтоож,  яаралтай арга хэмжээ авах цаг нь болжээ гэдгийг мэргэжлийнхэнд дамжуулъя.

Сэтгүүлч Ц.БУЯННЭМЭХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу