“АЛТАН ҮЗЭГ” НААДМЫН ГРАНПРИ ШАГНАЛЫГ МУИС-ИЙН ОЮУТАН ХҮРТЛЭЭ

0

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимээс зохион явуулдаг  “Алтан үзэг” наадам өнгөрсөн бямба гарагт /2019.11.30/ болж, шилдгүүдээ шалгарууллаа. “Алтан үзэг” наадмыг  оюутнууд догдлон хүлээж өөрсдийн хийсэн уран бүтээл, нийтлэл нэвтрүүлгээ сойдог болсоор 10 дахь жилээ угтаж байна. Жил ирэх бүр хүрээгээ тэлж, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутан залуусын олзуурхан өрсөлддөг мэргэжлийн талбар болсон байна. Хэвлэлийн мэдээллийн салбарт хөл тавьж буй оюутан залуусаа чадавхижуулах үүднээс анх “Алтан үзэг” наадмыг санаачилсан гэж  ХУИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн сургуулийн захирал Б.Дагиймаа онцолж байлаа. Энэ жилийн хувьд ХУИС, МУИС, МУБИС, СУИС-ийн Радио Телевиз, Медиа Урлагийн сургууль зэрэг  найман их дээд сургуулийн сэтгүүлзүйн ангийн оюутнууд оролцож шилдгүүд тодорлоо. Нийт 142 нийтлэл, 51 нийгмийн реклам,  29 телевизийн нэвтрүүлэг, 35 радио нэвтрүүлэг, 10 орчим  мултимедиа бүтээл шалгаруулалтад нэр дэвшиж шилдгүүд шалгарсан юм.

“Алтан үзэг” наадмын гранпри шагналыг МУИС-ийн 4 дүгээр дамжааны оюутан н.Ичинноров “Үе хооронд ялгаа бий юу” мултимедиа нийтлэлээр хүртлээ. Тэрээр өөрийнхөө өмнө тулгамдсан  асуудалд хариулт хайж, судалж эхэлснээр энэхүү нийтлэлээ бичсэн нь нийгмийн олон асуудлыг хөндсөн бүтээл болжээ. Уншдаг сонсдог үздэг нийтлэл 10 жилийн ойтойгоо золгож буй “Алтан үзэг” наадмын гранпри шагналын эзэн боллоо.

 МУИС, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим зохион байгуулалтад хамтран оролцож, Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс нийслэлийн иргэдийг соёлжуулах, хууль, эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллажээ.

Салбартаа шилдгүүд болон цойлох бидний дараагийн үе “Алтан үзэг” наадмаас тодорсоор байна. Хэвлэл мэдээллийн томоохон байгууллагуудын удирдлагууд ч тус наадамд оролцож буй оюутнуудад ажлын санал тавихаар наадмыг догдлон, олзуурхан хүлээдэг болсоор 10 жилтэйгээ золгож байна.

Сэтгүүлч: Ц.БУЯННЭМЭХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу