ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН АЙЛЧЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар  энэ сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм байна.

 Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй энэ удаагийн албан ёсны айлчлалын тухай тус улсын Засгийн газрын дарга Дмитрий Медведев өөрийн цахим хуудсандаа онцлон мэдээлжээ.

Уг мэдээлэлд  дурдсанаар:  “Монгол улстай байгуулсан хамтын ажиллагаа нь олон жилийн найрамдалт харилцаа, олон улсын болон бүс нутгийн чухал асуудалд хандах хандлагад суурилдаг.

ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн  Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд дараах асуудлууд яригдлаа. Бид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, шинэ хөрөнгө оруулалтын төслийн талаар бодитой хэлэлцээ хийлээ. Тэр дундаа Улаан-Үдийн төмөр замыг сэргээн босгох талаар  ярилцлаа. Энэхүү төслийг үндэслэн тээврийн шинэ коридор байгуулах, бүс нутгийн түүхий эдийн урсгалыг нэмэгдүүлэх боломжтой юм” гэжээ.

Зургийг: Дмитрий Медведев

                 

Мөн албаныханы өгсөн мэдээллээр ОХУ болон Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан байна. Гэрээнд гарын үсэг зурах ёслол хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын хооронд хийсэн хэлэлцээний дараа болжээ.

Түүнчлэн ОХУ-ын Тээврийн яам, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны хооронд Монголын иргэдийг төмөр замын мэргэжлээр сургах хэлэлцээр байгуулсан байна. Мөн ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яам Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Сэтгүүлч: Ц.БУЯННЭМЭХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу