ХИЙН ХООЛОЙ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ МАШ ТОМ ХӨШҮҮРЭГ БОЛНО

0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал түүхэнд тодоос тод тэмдэглэгдэн үлдлээ. Түүний энэ удаагийн айлчлалын гол онцлох сэдэв нь   олон жил яригдсан ч Орос ах нарт тоогдолгүй тойргийн гадна  үлдсэн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих ажлыг албажуулсан гэрээ, хэлэлцээр байлаа. Хийн хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дайруулах улс төрийн тохироо нь энэ цаг үед бүрдэж, ажил хэрэг болох үе нь У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр  тохиов.

 Харин 2018 оны 9-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дорнын эдийн засгийн чуулган”-д оролцох үеэрээ сүүлийн 30 жилийн турш хүлээсэн хийн хоолойн асуудалд Орос ах нарын амнаас нааштай хариулт унагааж чадсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч дэмжиж, Өмнөд хөршийн тэргүүн олон талаас нь судлах амлалт өгч байлаа. Харин энэ уулзалтаас хойш Монгол улсад өнгөрсөн намар буюу 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Владимирович Путин Монгол улсын Төрийн тэргүүнтэй хийсэн ганцаарчилсан уулзалт төлөвлөгдөөгүйгээр цаг сунгасан нь хийн хоолойн асуудал байсан тухай тэр үед улс төрийн хүрээнд яригдаж байсан юм.  Юутай ч хэд хэдэн удаагийн ил далд хэлэлцээрийн үндсэн дээр гурван улсыг холбосон хийн хоолойг Монгол улсын нутаг дэвсгэрээр төмөр замын дагуу барьж байгуулах асуудал ажил хэрэг болох эхлэл тавигдсан баярт мэдээтэй Монголчууд 2019 оноо үдэж байна. Мөнхийн хөршүүдийн хамтын ажиллагаанд  түүхийн цоо шинэ хуудас нээгдэж буй нь энэ юм.

Хойд хөрш байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Энэ их байгалийн нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулах гурван улсыг холбосон хийн хоолой нь манай улсын нутаг дэвсгэрээр дайрснаар газ, хийн хэрэглээгээр цахилгаан эрчим хүч, дулааны асуудлаа хямд өртөгөөр шийдэх бүрэн боломж нээгдэж байгаа юм. Цаашлаад газны зөв хэрэглээг иргэдийн дунд хэвшүүлж чадвал утаанаасаа бүр мөсөн ангижрах  таатай нөхцөл бүрдэж байна. Хийн хоолой дамжин өнгөрч буй ойролцоох сум, суурин газруудын  цахилгаан, эрчим хүчний асуудал төвөггүй шийдэгдэж, хөдөөгийн хөгжилд давхар түлхэц өгөх юм.

Үүнээс гадна бас нэгэн чухал өгөөж нь нутаг дэвсгэрээрээ дамжуулсны буюу газар нутгаа ашиглуулсны татвар гээд эдийн засагт томоохон хүч өгөх дүр зураг харагдаж байгаа юм. Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 20-30 хувиар нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарчээ. Одоо хоёр улсын судалгааны ажлын хэсгүүд эдийн засгийн өгөөжийг нарийвчлан тогтоох, ТЭЗҮ-ээ  боловсруулах ажлаа эхлэх л үлдээд байна.

Сэтгүүлч: Ц.БУЯННЭМЭХ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу