Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталлаа

0

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хурапд өргөн мэдүүлсэн Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр явуулж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороод 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуулийн төсөлд бүрэн тусгасан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хурапдаан даргалагчаас өгсний дагуу 5.1 дэх хэсгийг “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлнө.” гэж, мөн 4.2 дахь хэсгийг “Нас барсан иргэний тэтгэвэр барьцаалсан зээл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр үлдэгдэлтэй бол энэ хуулийн үйлчлэлд хамрагдана.” гэж. 6.2 дахь хэсгийг “Банк нь тэтгэвэр авагчтай зээлийн үлдэгдэл төлбөрийн тооцоог баталгаажуулан нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.” гэж, 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан Улсын Их Хуралд танилцуулна.” гэж тус тус өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэний дагуу төслийн 5.6 дахь хэсгийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүд гуравны хоёрын саналаар дахин санал хурааж дэмжээгүй болно.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусгасан эцсийн хувилбарын төсөл болон эцсийн хэлэлцүүлгийн үеэр санал хураалгахаар нээлттэй үлдээсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулж буйг санал, дүгнэлтэд дурдсан юм. 

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Чинзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тэтгэврийн зээлтэй 230.000 орчим иргэнийг хамааруулж шийдвэр гаргахаар зохицуулалт туссан байсан. Харин хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлийн саналаар тэтгэвэр авдаг нийт 421.000 ахмадын 194.000 нь орхигдох эрсдэл байгаа учир тэдгээрийг орхигдуулахгүйгээр хамруулах шийдвэрийг төсөлд нэмж тусгасан талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол тайлбарлалаа. Төслүүдийг хэлэлцүүлэгт боловсруулах ажлын хэсэгт Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөлийн төлөөлөл оролцсон, мөн бие даагчдын санал ч төсөлд туссан гэдгийг тэрбээр онцлоод зөвшилцлийн хүрээнд шийдвэр гаргахаар ажилласан гэдгээ онцолсон юм. Төсөлд тэтгэврийн зээлтэй 230.000 ахмадын асуудлыг шийдэхээр тусгасан байсныг өөрчилж 421.000 ахмадыг бүрэн хамруулах, нас барсан иргэдийн тэтгэврийн зээлийн өрийг дуусгавар болгох, мөн дахин тэтгэврийн зээл олгохооргүй болгосон байсныг хэлэлцүүлгийн явцад өөрчлөн 6 сар хүртэлх хугацаагаар иргэн зээлээ барьцаалж тэтгэвэр авч болохоор өөрчилсөн нь ихээхэн чухал ач холбогдолтой өөрчлөлтүүд болж байгаа хэмээн Д.Оюунхорол гишүүн тайлбарлаж байв. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 44 гишүүний 35 нь буюу 79.5 хувь нь дэмжиж, хууль батлагдав. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 81.8 хувийн дэмжлэгээр хууль батлагдлаа. Ингэснээр иргэд жилд нэг удаа 6 сараас илүүгүй хугацаагаар тэтгэвэрийн зээл авах бололцоо нээгдэж байгаа юм. 

Хууль, тогтоолын төслийг баталлаа

    Дараа нь Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон “Хууль тогтоомж хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтооолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Я.Содбаатар гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны  болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг танилцуулав. 

    Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн.

    Хууль хэрэгжүүлэх журмыг тодорхой болгох, тэтгэвэр барьцаалсан зээлгүй тэтгэвэр авагчдад зориулан үнэт цаас гаргах нөхцөл, зарцуулалтын талаарх дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон шаардлагатай тохиолдолд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг судалж, танилцуулах, тэтгэврийн шинэчлэлийг эхлүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруупж, батлуулах нь зүйтэй гэж тус Байнгын хороод үзсэн болно.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг санал, дүгнэлтэд дурдав. Хууль, тогтоолын төслүүдийг хамтарсан Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг Байнгын хороодын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. 

    Я.Содбаатар гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асууж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролоос хариулт авсан. 

    Үргэлжлүүлэн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүдийн 62.8 хувь нь дэмжсэн. Иймд Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гишүүд 62.8 хувийн саналаар,  “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 64.3 хувийн саналаар дэмжсэн юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу