Манай улс хар жагсаалтад албан ёсоор орлоо

0

Европын холбооноос мөнгө угаалттай тэмцдэггүй орнуудыг хар жагсаалтад оруулж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэхүү жагсаалтад Монгол Улс болон Панам, Багамын арлууд, Маврик, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Мьянмар, Никарагуа, Зимбабве гэх 12 орныг Европын холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй гэж үзжээ. Харин Босни-Герцеговина, Этиоп, Гайана, Лаос, Шри Ланка, Тунис улсууд хар жагсаалтаас хасагдсан байна.

Европын холбооны дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис хэлэхдээ “Санхүүгийн системд нэвтэрч буй бохир мөнгийг бид зогсоох хэрэгтэй. Өнөөдөр бид мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг цогц, алсын хараатай болгохын тулд өөрсдийн хамгаалалтыг улам бүр нэмэгдүүлж байна. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын жишгийг бий болгоход Европын холбоо үүргээ улам бэхжүүлж байна” гэжээ.

Европын холбооны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээгээ албан ёсоор танилцуулсан байна. Тус цогц арга хэмжээнд бохир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, ирэх нэг жилийн хугацаанд тус гэмт хэргүүдтэй тэмцэх журам, хяналт тавих зохицуулалтуудыг тусгажээ.

Энэхүү жагсаалтыг нэг сарын дотор (энэ хугацааг сунгах боломжтой) батлуулахаар Европын парламент болон Зөвлөлд өргөн барих аж. Коронавирусний хямралыг харгалзан тус жагсаалт 2020 оны 10-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ гэж Европын холбооноос мэдэгджээ.

Эх сурвалж: ec.europa.eu

Ц.Сүрэн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу