БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Хятадын Олон улсын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг дэмжих нийгэмлэгийн Гадаад улс дахь хамтын ажиллагааны хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Манай хоёр орны найрсаг хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид баяртай байдаг. Хятад нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч байсаар ирсэн. Хятад улсын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотод зам, гүүр, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгааг дурдахад таатай байна. Энэ жил Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой  тохиож байна. Улаанбаатар хот бусад нийслэл хотуудын адил хүн амын хэт төвлөрлөөс болж гэр хорооллын тэлэлт, агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл зэрэг томоохон хүндрэлтэй асуудалтай тулгарч байна. Хотын өмнө тулгарч байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэхэд, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд газарзүйн байршлын хувьд ч хамгийн ойр, хурдацтай хөгжиж байгаа өмнөд хөршийн туршлага, технологи, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа бидэнд шаардлагатай. Бид олон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлээд амжилттай хэрэгжүүлээд явж байна” хэмээлээ.

ОУЭЗТХАДН-ийн Гадаад улс дахь хамтын ажиллагааны хорооны нарийн бичгийн дарга Ян Жин Жоу Ма “Бид томоохон баг бүрэлдэхүүнтэйгээр Улаанбаатар хотод айлчилж, холбогдох албан тушаалтнуудтай уулзан, Улаанбаатарт хөрөнгө оруулах боломжийн талаар санал бодлоо солилцож байгаадаа баяртай байна. Бид Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй танилцах, хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжийн талаар судлах зорилготой ирсэн.

Дараа нь нийслэлийн холбогдох удирдлагууд ухаалаг хот, шинэ суурьшлын бүс, үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн, дүүжин замын тээвэр, цахилгаан соронзон тээвэр, Улаанбаатар хотын гудамж талбайг хянах төсөл, хөтөлбөрүүдийн  талаар танилцуулга мэдээлэл хүргэж, харилцан санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд хотын Захирагч ОУЭЗТХАДН-ийн Гадаад улс дахь хамтын ажиллагааны хорооны төлөөлөгчдийг Улаанбаатар хотод айлчлах хугацаанд хөрөнгө оруулалтын орчин нөхцөл, түүнчлэн хамтарч ажиллах боломжийг сайтар судалж үзэхийг хүслээ.

ОУЭЗТХАДН-ийн Гадаад улс дахь хамтын ажиллагааны хорооны төлөөлөгчдийн зүгээс Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцуулга хүргэсэнд баярласнаа илэрхийлээд “Олон улсад болон дотооддоо амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн туршлага бидэнд байна. Төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулж, хамтран ажиллахад таатай байх болно” гэдгээ хотын удирдлагууд илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу