Боловсролын байгууллагуудад явуулсан хяналт шалгалтаар 2900 гаруй зөрчлийг илрүүллээ

0

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг энэ сарын 26-31-ний өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцын дүн мэдээг өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

Хяналт шалгалтад өнөөдрийн байдлаар их, дээд сургууль, коллеж, сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 660 барилга байгууламжийг хамруулаад байгаа юм.

Эдгээр боловсролын байгууллагаас гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн 2900 зөрчлийг илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 456 зөрчил буюу 23 хувийг арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хяналт шалгалтын явцад санамж сэрэмжлүүлэг, заавар зөвлөмж бүхий материал 700 гаруйг холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна.

Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж, тус газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Мягмаржав, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаяр, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун нар оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу