Украины Ерөнхий сайдаар 35 настай Алексей Гончарук томилогдов

0

Украины шинэ Ерөнхий сайдаар өдгөө 35 настай, хуульч Алексей Гончарук томилогджээ. Тэрбээр Ерөнхийлөгч Зеленскийн засаг захиргаанд ердөө гурван сар ажиллаж байгаа аж.

Ажлаа хүлээн авсныхаа дараа авлига хээл хахуулийг эцэслэж, эдийн засгаа сайжруулахын төлөө ажиллана гэдгээ хэлжээ. “Украин улсад 10 сая гаруй хүн ядуу амьдарч байна. Нутгийн зүүн хэсэгт дайн мөргөлдөөн газар авч, хаа сайгүй авилга цэцэглэж байна. Одоо үүнийг зогсоох цаг болсон. Бид үүнийг хийх болно” хэмээн парламентын чуулганд үг хэлсэн байна.

Мөн Украины Дээд Рада өчигдөр /2019.08.29/ 15 сайд болон хоёр шадар сайдын бүрэлдэхүүнтэй шинэ Засгийн газрыг 281 депутатын дэмжлэгтэйгээр баталжээ. Өмнөх Засгийн газрын гишүүдээс Дотоодын хэргийн сайд Арсен Аваков, Сангийн сайд Оксана Маркарова нар албан тушаалдаа хэвээр үлдсэн бол сайд нарын танхимын үлдсэн бүх гишүүнийг шинээр томилжээ.

Эрчим хүч, Байгаль орчны яам нэгдэж, мөн Эдийн засаг болон Газар тариалангийн бодлогын яамдыг нэгтгэжээ. Үүнээс гадна Залуучуудын хэрэг эрхлэх болон спортын яамыг Соёлын яамтай нэгтгэсэн байна. Ахмад дайчдын хэрэг эрхлэх болон Хяналтгүй газрын нутгийн асуудал хариуцсан яамыг нэг байгууллага болгосноор яамдын тоо гурваар цөөрчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу