Том гүрнүүд “Ертөнцийн төгсгөл”-ийг яагаад сонирхох болов?

0

Грийнланд бол Дани улсын харьяанд байдаг ч өөртөө засах тусгай эрхтэй, өөрийн гэсэн хууль дүрэмтэй арлын улс. Битүү цас мөсөөр хучигдсан уг газар нь дэлхийн хамгийн том арал юм. Нисдэг тэрэгнээс Грийнланд нь эцэс төгсгөлгүй үргэлжлэх цас, мөс л харагддаг. Эндхийн хүн ам нь хөл бөмбөгийн цэнгэлдэхийг ч дүүргэхгүй. Ядуурал, хар тамхи хэтрүүлж хэрэглэх, амиа хорлолт ихтэй. Зарим эрдэмтэд үүнийг “дэлхийн төгсгөл” гэж нэрлэж байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Грийнландыг худалдаж авах тухай шуугиан саяхан өрнөв. Грийнландын мөсөн давхрага хайлчихвал доор нь газрын тос, байгалийн хий, газрын ховор металл гээд маш их нөөц байгааг мэдчихсэн учир хамаагүй цөөхөн өрсөлдөгчтэй энэ бүс нутаг зөвхөн АНУ-ын ч бус Орос, Хятад гэх мэт том тоглогчдын овоо хараанд өртсөн юм. Худалдаа, арилжааны шинэ зам, маршрут нээх, газрын тос, байгалийн хийн хайгуул хийх, уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа явуулах зэргээр улс орон бүр тэнд өөрийн оролцоог нэмэгдүүлэхээр чармайж байна гэж шинжээчид дүгнэж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Арктикт Орос улсын хөл хүрсэн гэдгийг нотлох томоохон хөтөлбөр эхлүүлж, тэнд өөрийн мөс зүсэгчүүдээ байрлуулан, дэд бүтцийг нэмэгдүүлж, боомтуудыг барьж эхэлсэн. Одоогоор нээгдээгүй байгаа газрын тос, байгалийн хийн нөөцийн дөрөвний нэгийг эзэлдэг гэж үзэж буй энэ бүс нутгийг Орос улс өөрсдийн мэдэлд авахыг ихэд хүсч байгаа нь ойлгомжтой.

Хятад улс Грийнландыг газрын ховор элемент, бусад ашигт малтмалын эх үүсвэрийг Арктикаар дамжуулж зөөвөрлөх боломжтой гэж үзсэн. Бээжингийн “Бүс ба зам” санаачилгын хүрээнд энэ бүс нутагт “Туйлын торгоны зам”-ыг хамтран бүтээхийг уриалжээ. Харин саяхан Дани улс тус арал дээр хоёр нисэх буудал барих Хятадын саналаас татгалзсан юм.

АНУ-ын Геологийн судалгааны газраас Грийнландын эрэг орчмоос алслагдсан 17.5 тэрбум баррель газрын тос, 148 триллион куб байгалийн хий байж магадгүй гэж үзжээ. Арктикийн тойрог орчимд 90 тэрбум баррель газрын тос авах боломжтой. Мөн батерей, гар утас үйлдвэрлэхэд ашиглагддаг газрын ховор элементийн нөөцөөр Хятад улсын дараа орох хамгийн их нөөцтэй гэж тооцоолжээ.

Стратегийн Эрчим Хүч, Эдийн засгийн Судалгааны газрын дарга Майкл Линч “Грийнланд бол шинэ Аляска. Аляскаг анх хүн бүр ямар ч ашиггүй газар гэж харж байсан. Гэтэл удалгүй асар их нөөцтэй болох нь илэрсэн шүү дээ” хэмээн хэлжээ. Хэрэв АНУ уг арлыг худалдаж авахаар болбол ямар үнэд хүрэх бол гэдэг нь сонирхолтой. Нийт 2.1 сая хавтгай дөрвөлжин километр нутагтай энэ арлыг одоогоор тэд гэж үнэлсэн үнэлгээ байхгүй. Грийнландын ДНБ 2017 онд 2,7 тэрбум ам.доллар байсан. Мөн Дани улс тус аралд жилдээ 500 саяын татаас өгдөг зэргийг тооцох хэрэгтэй болно. Зарим мэргэжилтэн арлын үнэ АНУ-ын одоогийн улсын төсвийн хагастай тэнцэх тул худалдан авч чадахгүй ч гэж үзэж байгаа. Гэхдээ ийм наймаа болохын тулд Грийнланд эхлээд Дани улсаас бүрэн тусгаар тогтнох хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна.

Стратегийн хувьд Грийнланд нь Арктик болон Хойд Атлантын хооронд тэнгисийн цэргийн ажиллагааны гол коридор гэж болно. Тус аралд дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэгт орших АНУ-ын цэргийн бааз байрладаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1946 онд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Харри Трумэн уг арлыг 100 сая ам.доллартай тэнцэх хэмжээний алтаар худалдаж авах саналыг Дани улсад тавьсан ч татгалзсан хариу авч байжээ.

-ГАЗАРЗҮЙН ХУВЬД-

Дэлхийн хамгийн том мѳсѳн арал болох Грийнланд нь газар зүйн хувьд Хойд Арктик, Атлантын далайн дунд оршдог, хамгийн цѳѳхѳн хүн амтай  (Ойролцоогоор 56,000 орчим), улс тѳр, соёлын хувьд Европид хамаардаг. Грийнландийн газар нутгийн 80% буюу 1,710,000 талбай мѳсѳн бүрхүүлтэй. Хамгийн нимгэн хэсэг нь 2-3 км зузаан. Судлаачид энэ бүрхүүл 2000 жилийн дотор хайлж дуусна гэсэн судалгаа гаргасан ч сүүлийн хэдхэн жилд хийсэн хэмжилтээр тооцолж байснаас илүү хурдацтай хайлж байгааг тогтоосон байна. Мѳсѳн цэвдэгийн урсгалын хурд нь ѳдѳрт 20-22м. Зѳвхѳн 2012 онд 120км талбай мѳсѳн давхрага хайлсан гэсэн хэмжилт хийжээ. Энэ их мѳс хайлж дуусахад далайн түвшин 7,2 м нэмэгдэж, зарим жижиг арал, арлын орнууд живэх ба дэлхийн газар зүйд нэлээд ѳѳрчлѳлт орох юм. Зуны улиралд ѳдѳржин гэрэлтэй, нар бараг жаргахгүй, −10, +10 °C дулаан. Харин ѳвлийн улиралд 24 цаг харанхуй, хоромхон зуурын үүрийн гэгээтэй, −40, −50 °C хүйтэн байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу